Геодези зураг зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулга

ТӨСӨЛ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2010 оны … дугаар Улаанбаатар хот

сарын …-ний өдөр

ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ТУХАЙ ХУУЛЬ

/шинэчилсэн найруулга/

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

Нийтлэг үндэслэл

1 дүгээр зүйл. Хуулийн зорилт

1.1. Энэ хуулийн зорилт нь геодези, зураг зүйн үйл ажиллагааг хэрэгжүүлэх, хяналт тавих, тэдгээртэй холбогдсон бусад харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл. Геодези, зураг зүйн тухай хууль тогтоомж

2.1. Геодези, зураг зүйн тухай хууль тогтоомж нь энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

2.2. Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

3 дугаар зүйл. Хуулийн нэр томъёо

3.1. Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:

3.1.1. "геодези" гэж дэлхийн хэлбэр, хэмжээ, түүний гадаргын шилжих хөдөлгөөнийг тодорхойлох, газрын гадаргыг зураг болгон буулган дүрслэх зорилгоор хиймэл дагуул болон газрын зургийн багаж хэрэгслийн тусламжтайгаар тухайн цэгийн байрлал, өндөр, хүндийн хүчний хурдатгалыг хэмжин тодорхойлж математик боловсруулалт хийх цогцолбор үйл ажиллагааг;

3.1.2. "зураг зүй" гэж геодезийн хэмжилтээр газрын гадарга, түүний дээрх биет зүйлсийг зураглах үйл ажиллагаа болон байгаль, түүний зүй тогтол, юмсын хоорондын харилцан хамаарал, учир шалтгааныг шинжлэн дүгнэж, тэдгээрийн цаашдын хувьсал, өөрчлөлт чиг хандлага, нийгэм, эдийн засгийн хөгжлийн үзүүлэлтийг харуулсан тодорхой зориулалт, тусгаг, масштаб бүхий газрын зураг, атласыг тоо болон дүрслэлийн аргаар зохиож хэвлэх үйл ажиллагааг;

3.1.3. "газрын зураг" гэж газрын гадарга болон түүн дээрх биет юмсыг масштабаар жижигрүүлэн, тодорхой тусгагаар хавтгайд буулгаж, таних тэмдгүүдээр дүрсэлсэн зургийг;

3.1.4. "зурагжуулах" гэж улс орны нутаг дэвсгэрийг бүхэлд болон түүний тодорхой хэсгийг төрөл бүрийн масштабын байр зүйн болон бусад зургаар дүрслэх цогцолбор үйл ажиллагааг;

3.1.5. "газар зүйн нэр" гэж газрын гадарга дээрх байгалийн болон бодит юмсыг өөр хооронд нь ялган таних зорилгоор тогтоосон нэрийг;

3.1.6. “геодезийн байнгын цэг, тэмдэгт” гэж геодези, зураг зүйн үйл ажиллагааны үндэс болох байрлал, өндөр, хүндийн хүчний хурдатгал зэрэг хэмжигдэхүүнүүд нь тодорхойлогдсон, газрын гадарга, түүний хэвлий, барилга байгууламж зэрэг хөдөлгөөнгүй биетэд бэхлэгдсэн төв цэг болон түүний гаднах тэмдэглээсийг;

3.1.7. "геодезийн сүлжээ" гэж геодезийн байнгын цэг, тэмдэгтүүдийн нэгдсэн тогтолцоог;

3.1.8. "геодезийн багаж хэрэгсэл" гэж цэгийн байрлал, өндөр, хүндийн хүч зэрэг хэмжигдэхүүнүүдийг тодорхойлох болон агаар сансраас зураг авах, зураглал хийх зориулалтаар зохиогдсон багажуудыг:

3.1.9. “байр зүйн зураг” гэж зураг зүйн суурь элементүүдийг агуулсан байрлал тогтоох зориулалттай, тухайн масштаб бүрт тогтсон хуваалгатай, нарийвчилсан хэмжилт хийх боломжтой том болон дунд масштабын газрын зургийг;

3.1.10. “кадастрын зураг” гэж газар болон бусад үл хөдлөх хөрөнгө, газрыг өмчлөх, эзэмших, ашиглах эрхэд хязгаарлалт тогтоож буй байгууламж, объект хамтын болон дундын эзэмшлийн газар (байгууламжийн) зэргийн байршил, хил заагийг харуулсан зургийг;

3.1.11. “суурь зураг” гэж төрөл бүрийн зориулалтын газрын зураг зохиоход үндэс болох байр зүйн зургийн агуулга бүхий зургийг;

3.1.12. “хилийн цэс” гэж гэж хэд хэдэн этгээдийн газар нутгийн эзэмшлийн хязгаарыг зааж протоколь болон тогтоол, захирамжаар холбогдох эргэлтүүдийн цэгүүдийн байрлалыг тусгасан эрх бүхий этгээдийн баталсан бичвэр баримтыг;

3.1.13. “хилийн шугам” гэж хэд хэдэн этгээдийн газар нутгийн эзэмшлийн зах хязгаар бөгөөд түүний аль нэгэн тодорхой зүйлээр эргэлтийг нь тэмдэглэсэн тэмдэглэгээнүүдийг хооронд нь муруй болон шулуун шугаман байдлаар зураасаар холбож ойлгохыг;

ХОЁРДУГААР БҮЛЭГ

Геодези, зураг зүйн үйл ажиллагаа, түүнийг

хэрэгжүүлэх байгууллага, тэдгээрийн бүрэн эрх

4 дүгээр зүйл. Геодези, зураг зүйн үйл ажиллагаа

4.1. Геодези, зураг зүйн үйл ажиллагаанд дараахь ажил хамаарна:

4.1.1 геодезийн байрлалын болон өндрийн тулгуур сүлжээ байгуулах; хүндийн хүчний хурдатгал тодорхойлох, гравиметрийн сүлжээ ба зураглал үйлдэх;

4.1.2 одон орны тодорхойлолт, дэлхийн хэлбэр, хэмжээ, газрын гадаргын хэвтээ, босоо хөдөлгөөнийг тодорхойлох, зайнаас тандан судлалын аргаар төрөл бүрийн масштабын газрын зураг зохиох, боловсруулах, судалгаа шинжилгээний ажил явуулах;

4.1.3 агаар мандалаас газрын зураг авах, боловсруулах, сансрын зургийн боловсруулалт хийх;

4.1.4 төрөл бүрийн масштабтай, нийтийн болон албан хэрэгцээний сэдэвчилсэн, лавлагааны, сургалтын газрын зураг, атлас зохиох, шинэчлэх, хэвлэх;

4.1.5 бүх төрлийн масштабын байр зүйн зураг үйлдэх, жижүүрлэлт хөтлөх, тодотгох, шинэчлэх

4.1.6 хот, тосгон бусад суурин газрын, инженерийн байгууламж, шугам сүлжээний судалгаа зэрэг төлөвлөлтийн байр зүйн зураг хийх, тодотгох;

4.1.7 барилга байгууламж, инженерийн шугам сүлжээ, үйлдвэрийн автомат тоног төхөөрөмжийн угсралт, ашиглалтын үеийн хэв гажилтын хэмжилт, шалгалт хийх:

4.1.8 улсын болон засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хилийн шугамыг геодезийн аргаар тодорхойлох, тэмдэгжүүлэх, зураглах, шалгах,

4.1.9 геологи, геофизикийн хайгуулын ажлын байр зүйн зураглал үйлдэх, боловсруулах, уул, өрмийн ажлуудын холболт хийх;

4.1.10 бүх төрлийн газрын кадастрын зураглал үйлдэх, тэмдэгжүүлэх;

4.1.11 геодези, зураг зүйн мэдээллийн улсын нэгдсэн сан бүрдүүлэх;

4.1.12 газар зүйн нэрийг тодотгон тогтоох, жижүүрлэлт хөтлөх, толь бичиг, лавлах боловсруулах, хэвлэх;

4.1.13 улсын аюулгүй байдлыг хангах болон байгалийн гамшиг, гэнэтийн аюул гарах зэрэг нөхцөлд геодези, зураг зүйн ажил гүйцэтгэх.

4.1.14 үндэсний орон зайн мэдээллийн дэд бүтцийг байгуулах, хэрэглэгчдийг мэдээллээр хангах

5 дугаар зүйл. Геодези, зураг зүйн үйл ажиллагааны талаархи төрийн байгууллагын бүрэн эрх, чиг үүрэг

5.1. Улсын Их Хурал геодези, зураг зүйн талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

5.1.1. геодези, зураг зүйн үйл ажиллагааны талаархи төрийн бодлогыг тодорхойлох;

5.1.2. улсын хилийн шугамын дагуух байр зүйн зураг, хилийн тэмдэгтийн цэгийн солбицол, өндрийг батлах;

5.1.3. засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хилийн шугамын эргэлтийн цэгийн солбицол, өндөр бүхий хилийн цэсийг батлах;

5.1.4. газар зүйн нэрийг батлах;

5.1.5. геодези, зураг зүйн тоон мэдээлэл, байр зүйн зурагт нууцын зэрэглэл тогтоох, нууцыг ил болгох.

5.2. Засгийн газар геодези, зураг зүйн талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ

5.2.1. геодези, зураг зүйн үйл ажиллагаа явуулах солбицол, өндөр, тусгаг, масштаб, дүрслэх хавтгайн тогтолцоог батлах;

5.2.2. геодези, зураг зүйн үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангах

5.2.3. газар зүйн нэрийн Үндэсний зөвлөлийн дүрэм, журам, бүрэлдэхүүнийг батлах;

5.2.4. олон улсын баримт бичигт тусгах, газрын зурагт хэрэглэх Монгол Улсын газар зүйн нэр, улсын болон засаг захиргааны нэгжийн хилийн цэс түүний өөрчлөлтийн талаархи мэдээллийг холбогдох олон улсын байгууллагатай солилцох;

5.2.5.үндэсний орон зайн мэдээллийн дэд бүтцийн зохицуулах хорооны дүрэм, журам, бүрэлдэхүүнийг батлах;

5.3. Геодези, зураг зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

5.3.1. геодези, зураг зүйн тухай хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийн биелэлтийг зохион байгуулах;

5.3.2. геодези, зураг зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийх;

5.3.3. геодези, зураг зүйн үйл ажиллагааны талаархи төрийн бодлогыг боловсруулах;

5.3.4. геодези, зураг зүйн ажлын жишиг үнэ, норм дүрэм, заавар, журам батлах;

5.3.5. геодези, зураг зүйн ажилд магадлал хийх журмыг батлах:

5.3.6. геодези, зураг зүйн асуудлаар хийгдэх олон улсын гэрээнд хяналт тавих Монгол Улсын хүлээсэн үүргийг хэрэгжүүлэх арга хэмжээ авах;

5.3.7. аж ахуйн нэгж, байгууллагад геодези, зураг зүйн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгох журмыг батлах;

5.3.8 байр зүйн зургийн таних тэмдгийн загвар болон суурь зургийг батлуулах, хэрэгжилтийг зохион байгуулах;

5.4. Геодези, зураг зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

5.4.1. геодези, зураг зүйн мэдээллийн улсын нэгдсэн санг бүрдүүлэх

5.4.2. геодези, зураг зүйн хэмжлийн багаж хэрэгслийг шалгаж, баталгаажуулах;

5.4.3. нууцын зэрэглэлтэй байр зүйн зургийн хадгалалт, хамгаалалт, хэвлэлт, ашиглалт, бүрэн бүтэн байдлыг төрийн эрх бүхий байгууллагатай хамтран хянах, шалгах;

5.4.4. нийтийн болон албан хэрэгцээний төрөл бүрийн масштабтай газрын зураг, атласыг олгох, худалдах, хэвлэмэл зургийг шилжүүлэх, шинэчлэх, мэдээллээр хангах;

5.4.5. энэ хуулийн 9.1-д заасан геодези, зураг зүйн “нэгдсэн сан” дахь мэдээллийг шинэчлэх;

5.4.6. энэ хуулийн 4.1-д заасан үйл ажиллагааг зохион байгуулах;

5.4.7. энэ хуулийн 4.1.11-4.1.14.-д заасан ажлыг эрхлэн явуулах;

5.4.8. геодези, зураг зүйн ажлыг солбицол, өндөр, тусгаг, масштаб, дүрслэх хавтгайн нэгдсэн тогтолцоонд хийх нөхцлийг хангах

5.4.9. төрийн өмч болох 1:25000, 1:50000, 1:100000, 1:200000, 1:500000, 1:1000000-ны масштабтай байр зүйн зураг болон эх суурь зургуудын өөрчлөлт, шинэчлэлтийг хариуцан гүйцэтгэх;

5.4.10. холбогдох байгуулагатай хамтран мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, мэргэжил дээшлүүлэх сургалт, мэргэшлийн зэрэг олгох асуудлыг зохион байгуулах, журам боловсруулах, хэрэгжүүлэх

5.4.11. үндэсний орон зайн мэдээллийн дэд бүтцийн мэдээллийн сангийн үйл ажиллагааг зохион байгуулах;

5.5. Зэвсэгт хүчний жанжин штаб цэргийн зориулалтаар хийгдэж буй геодези, зураг зүйн ажилд хяналт тавих;

5.6. Төрийн захиргааны бусад төв байгууллага геодези, зураг зүйн талаар дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

5.6.1. геодези, зураг зүйн тухай хууль тогтоомжийн биелэлтийг харъяалсан салбартаа зохион байгуулах;

5.6.2. улсын захиалга, даалгавраар болон салбарынхаа хүрээнд хийх геодези, зураг зүйн ажлын дараа жилийн захиалгыг геодези, зураг зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тухайн жилийн 7 дугаар сарын 1-ний өдрийн дотор гаргаж өгөх;

5.6.3. өөрийн хэрэгжүүлж буй төслийн хөрөнгөөр хийгдэх геодези, зураг зүйн ажлыг геодези, зураг зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран сонгон шалгаруулалт (тендер)-ын журмаар явуулах.

5.6.4. салбарын орон зайн мэдээллийн сан нь үндэсний орон зайн мэдээллийн дэд бүтцэд суурьлагдсан байх

5.7. Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга геодези, зураг зүйн талаар дараах дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

5.7.1. геодези, зураг зүйн үйл ажиллагааны талаархи төрийн бодлого, хууль тогтоомжийн биелэлтийг нутаг дэвсгэртээ зохион байгуулах;

5.7.2. нутаг дэвсгэртээ хамаарах байр зүйн зураг, зураг зүйн бүтээлд тусгагдах газар зүйн нэр, хил, шинээр байгуулагдсан болон өөрчлөгдсөн объектын талаархи мэдээлэл, геодезийн байнгын цэг, тэмдэгтийн хадгалалт, хамгаалалтанд хяналт тавьж, жил бүр тооллого явуулж дүнг дараа жилийн 2 дугаар сарын 1-ний өдрийн дотор геодези, зураг зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад мэдээлэх;

5.7.3. нутаг дэвсгэрт нь явуулж буй геодези, зураг зүйн ажилд хяналт тавих;

5.7.4. нутаг дэвсгэртээ байгаа геодезийн байнгын цэг тэмдэгтийн хадгалалт хамгаалалтанд хяналт тавих, бүрэн бүтэн байдлыг хариуцах;

5.7.5. нутаг дэвсгэртээ хамаарах газар зүйн нэрийн хэрэглээнд хяналт тавих, шинэ нэрийн талаар санал дэвшүүлэх

5.7.6. аймаг, нийслэлийн газрын харилцаа болон хот байгуулалтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь геодези, зураг зүйн асуудал хариуцсан мэргэжилтэнтэй байх;

6 дугаар зүйл. Геодези, зураг зүйн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх эрх бүхий хуулийн этгээдийн эрх, үүрэг

6.1. Геодези, зураг зүйн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх эрх бүхий аж ахуйн нэгж, байгуулага дараах эрх, үүрэгтэй:

6.1.1. Геодези, зураг зүйн хэмжилт хийх явцад хуулийн этгээд, иргэний эзэмшлийн газарт чөлөөтэй нэвтрэх боломжийг бүрдүүлэхийг захиалагч талаас шаардах;

6.1.2. ном, сурах бичиг болон бусад сургалтын зорилгоор 1:5 000 000-аас жижиг масштабаар Монгол улсын газрын зураг, атласыг зохиоход зургийн эх суурь, түүний тоон зургийг үнэ төлбөргүй авч ашиглах эрхтэй;

6.1.3. геодези, зураг зүйн тухай хууль, тогтоомж, засгийн газрын шийдвэр, ажлын жишиг үнэ, норм ба дүрэм, журам, стандартыг дагаж мөрдөнө;

6.1.4. геодези, зураг зүйн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл авсан байх;

6.1.5. геодезийн хэмжлийн багажиндаа жилд 1 удаа, эвдрэл, гэмтэл гарсан нөхцөлд тухай бүр баталгаажуулалт хийлгэх;

6.1.6. геодезийн хэмжилт, зураглалыг солбицол, өндрийн улсын нэгдсэн тогтолцоонд хийх;

6.1.7. газрын зураг зохиогч нь нийтийн хэрэгцээнд зориулан гаргах Монгол улсын нутаг дэвсгэрийг харуулсан төрөл бүрийн сэдэвчилсэн, лавлагааны, сургалтын зураг, атласт үнэн, зөв, мэдээ мэдээллийг ашигласан тухай геодези, зураг зүйн асуудал эрхлэсэн төрийн захиргааны байгууллагаас дүгнэлт авсан байх;

6.1.8. улсын магадлалын дүгнэлт, улсын байцаагчийн шаардлагыг биелүүлэх;

6.1.9. төрийн өмч болох суурь зургуудыг ашигласан бол төлбөр төлөх;

6.2. Геодези, зураг зүйн ажил, үйлчилгээг захиалагч иргэн, хуулийн этгээдийн эрх, үүрэг

6.2.1. геодези, зураг зүйн ажлын үр дүн нь тухайн ажлын захиалагчийн өмч байна;

6.2.2. иргэн, хуулийн этгээдийн нийтийн болон албан хэрэгцээнд зориулан гаргах төрөл бүрийн масштабтай сургалтын, сэдэвчилсэн газрын зураг, атлас болон интернэтэд байршуулах газрын тоон зурагт үзүүлэх улсын болон аймаг, нийслэл, сум, дүүргийн хилийн шугам, газар нутаг, хот суурингийн нэр зэрэг геодези, зураг зүйн мэдээлэл нь геодези, зураг зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага болон геодези, зураг зүйн мэдээллийн улсын нэгдсэн санд байгаа мэдээлэлд үндэслэсэн, батлагдсан суурь зургийг ашигласан байхыг шаардах;

6.2.3. барилга байгууламж, инженерийн шугам сүлжээ барих, шинэчлэх, өргөтгөх, гудамж, зам, талбай, шугам сүлжээний холболт, мод цэцэрлэгжүүлэлтийг шинээр хийх, өөрчлөх, нөхөн сэргээх зэрэг газар шорооны ажил хийсэн талбайд гүйцэтгэлийн байр зүйн зураг хийлгэх, шаардагдах зардлыг хариуцах;

ГУРАВДУГААР БҮЛЭГ

Тусгай зөвшөөрөлтэйгээр гүйцэтгэх геодези, зураг зүйн

үйл ажиллагаанд тавигдах нөхцөл, шаардлага

7 дүгээр зүйл. Тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг

7.1. Энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл хүссэн аж ахуйн нэгж, байгууллага “Аж ахуйн үйл ажиллагааны эрхлэх тусгай зөвшөөрлийн тухай” хуулийн 9.1.-д заасан болон дараахь баримт бичгийг бүрдүүлж геодези зураг зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад ирүүлнэ.

7.1.1. үйл ажиллагаандаа ашиглах геодезийн хэмжилт, боловсруулалтын багаж тоног төхөөрөмжийн жагсаалт, хувийн дугаар, гэрчилгээ, тэдгээрийн хүчин чадал, нарийвчлалын үйлдвэрийн үзүүлэлт, хэмжил зүйн баталгаажуулалтын нотлох баримт, ашиглах программ хангамжийн зориулалтын мэдээлэл:

7.1.2. мэргэжлийн боловсон хүчний дадлага туршлагын талаарх тодорхойлолт болон диплом, мэрэгшлийн зэргийн үнэмлэхийн баталгаажуулсан хуулбар.

7.1.3. энэ хуулийн 8-р зүйлийн холбогдох заалтуудаар бүрдүүлсэн баримт материал;

8 дүгээр зүйл. Геодези, зураг зүйн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл хүссэн аж ахуйн нэгж, байгууллагуудад тавигдах шаардлага.

8.1. Геодези, зураг зүйн үйл ажиллагаа эрхлэхийг хүсч, ирүүлсэн баримт бичгийг геодези, зураг зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хүлээн авч ажлын 21 хоногийн дотор хянан шийдвэрлэх ба дараах шаардлагыг хангасан тохиолдолд үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг энэ хуулийн холбогдох заалтуудийг үндэслэн олгох.

8.1.1. Энэ хуулийн 4.1.1, 4.1.2 -д заасан үйл ажиллагаа эрхлэгч нь хиймэл дагуулаас байрлал тодорхойлох хэмжилтийн ажлын туршлагатай геодезийн зөвлөх инженер, байрлал, өндрийг 1-2 см нарийвчлалтай тодорхойлох геодезийн антенн бүхий хоёр долгионы хиймэл дагуулаас байрлал тодорхойлогч 3-аас доошгүй багажтай, 40 см-с багагүй урттай харах яндан бүхий 40 кратаас багагүй өсгөх чадал бүхий линзтэй өндөр хэмжигч электрон болон оптик механик нивелиртэй, 200 км-ээс дээш урттай, векторын бодолт хийх хүчин чадал бүхий баталгаат программ хангамжтай байх;

8.1.2. Энэ хуулийн 4.1.3-д заасан үйл ажиллагаа эрхлэгч нь мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан, агаарын зураглалын мэргэшсэн инженер, зураглалын оператор, агаарын зураглалын аналог ба тоон аппарат, лазер скайнертэй, агаар мандал, сансрын зураглалын аналитик эсвэл тоон боловсруулалтын тоног төхөөрөмж, программ хангамжтай байх;

8.1.3. Энэ хуулийн 4.1.4-д заасан үйл ажиллагаа явуулах этгээд нь мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан, зураг зүйн мэргэшсэн инженер, газрын зураг, атласын эх бэлтгэх программ хангамж, хэвлэх тоног төхөөрөмжтэй байх;

8.1.4. Энэ хуулийн 4.1.5.- 4.1.10-д заасан үйл ажиллагаа эрхлэгч этгээд нь геодезийн мэргэшсэн инженертэй, зураглалын зориулалттай хиймэл дагуулаас байрлал тодорхойлогч багаж эсвэл өнцгийг 5 секунд, зайг 1 см-ээс багагүй нарийвчлалтай хэмжих электрон тахеометртэй байх;

8.2. Геодези зураг зүйн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн талаарх энэ хуулиар зохицуулаагүй бусад харилцааг “Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль”-иар зохицуулна.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ

Бусад зүйл

9 дугаар зүйл. Геодези, зураг зүйн мэдээллийн улсын нэгдсэн сан

9.1. Геодези, зураг зүйн мэдээллийн улсын нэгдсэн сан /цаашид “нэгдсэн сан” гэх/ нь геодезийн сүлжээний цэг тэмдэгтийн хувийн хэрэг, байр зүйн болон агаар мандалаас, сансраас авсан зураг, суурь зураг, газрын зургийн хэвлэлийн эх, гэрэл зургийн хальс, газар зүйн нэр, тэдгээртэй холбогдох бусад тоон мэдээлэлээс бүрдэнэ. Нэгдсэн сан нь төрийн өмч мөн.

9.2. Иргэн, хуулийн этгээд нь улсын болон орон нутгийн төсөв, гадаадын зээл тусламжийн хөрөнгөөр гүйцэтгэсэн ажлын тайлан, эх материал, солбицлын жагсаалт (каталог), байр зүйн зураг, тоон мэдээллийг нэгдсэн санд үнэ төлбөргүй шилжүүлнэ.

9.3. Геодези, зураг зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь иргэн, хуулийн этгээдийн хөрөнгөөр гүйцэтгэсэн нутаг дэвсгэр, бүс нутгийг хамарсан геодезийн сүлжээ, агаар мандал, сансраас авсан зураг, сэдэвчилсэн зураг, атласын тоон мэдээллийг худалдан авч болно.

9.4. Нэгдсэн сан дараахь зүйлээс бүрдэнэ:

9.4.1. геодези, зураг зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад байгаа газрын зураг, хэвлэлийн эх, гэрэл зургийн хальс, тайлан, солбицолын жагсаалт (каталог), бусад тоон мэдээлэл;

9.4.2. энэ хуулийн 9.2-т заасны дагуу байгууллага, аж ахуйн нэгж, иргэнээс ирүүлсэн материал;

9.4.3. бусдад худалдах, олшруулах эрхгүйгээр байгууллага, аж ахуйн нэгж, иргэнээс худалдан авсан, энэ хуулийн 9.4.1, 9.4.2-т зааснаас бусад онц чухал материал;

9.4.4. байгууллага, аж ахуйн нэгж, иргэнээс өөрсдийн үйл ажиллагаа, бүтээлийг сурталчлах зорилгоор нэгдсэн санд ирүүлж байгаа зураг, тоон мэдээлэл, тоног төхөөрөмжийн тухай танилцуулга.

10 дугаар зүйл. Геодезийн байнгын цэг, тэмдэгт

10.1. Геодезийн байнгын цэг, тэмдэгт нь төрийн өмч байна.

10.2. Энэ хуулийн 6 дугаар зүйлд заасан иргэн, хуулийн этгээд геодезийн байнгын цэг, тэмдэгт байгуулсан бол уг цэг, тэмдэгтийн байрлаж байгаа сум, дүүргийн Засаг даргад, Улсын хилийн зурваст бол тухайн цэг тэмдэгт байрлаж байгаа нутаг дэвсгэр дэх хилийн отрядын удирдлагад хүлээлгэж өгнө.

10.3. Иргэн, хуулийн этгээд нь геодезийн байнгын цэг, тэмдэгт байрлаж байгаа газарт барилга байгууламж барих, газар шорооны ажил хийхдээ сум, дүүргийн Засаг дарга буюу хил хамгаалах ерөнхий газраар уламжлан геодези, зураг зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас зөвшөөрөл авна. Уг цэг, тэмдэгтийг хөдөлгөх, нүүлгэн шилжүүлэх зайлшгүй шаардлага гарвал түүнийг сэргээн босгох зардлыг хүсэлт гаргасан иргэн, хуулийн этгээд бүрэн хариуцна.

10.4. Геодезийн байнгын цэг, тэмдэгтийг арчлан хамгаалахад дараахь журмыг баримтална:

10.4.1. тухайн цэг, тэмдэгт байрлаж байгаа газар, барилга байгууламжийг өмчлөгч, эзэмшигч, ашиглагч нь түүнийг хамгаалах, геодезийн үйл ажиллагааг саадгүй явуулах нөхцлийг бүрдүүлнэ. Үүнд онцгой, тусгай хамгаалалтай газар, байгууллага хамаарахгүй;

10.4.2. Хилийн зурваст байгаа геодезийн байнгын цэг тэмдэгтийн хадгалалт хамгаалалтанд хяналт тавих, бүрэн бүтэн байдлыг тухайн цэг тэмдэгт байрлаж байгаа нутаг дэвсгэр дэх хилийн отряд хариуцна;

10.4.3. геодезийн байнгын цэг, тэмдэгтийг гэмтээсэн, устгасан, хэмжилт хийх нөхцлийг алдагдуулсан тохиолдолд Засаг дарга, хил хамгаалах ерөнхий газар нь геодези, зураг зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад мэдэгдэж, нөхөн сэргээх ажлыг хамтран зохион байгуулна.

11 дүгээр зүйл. Газар зүйн нэр

11.1. Геодези, зураг зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь газар зүйн нэрийг тодотгон тогтоох, толь бичиг, лавлах боловсруулах, хэвлэх, газар зүйн нэрийг зөв бичих, гадаад хэлэнд галиглах, шинээр нэр өгөх болон нэрийн жижүүрлэлт хөтлөх, газрын зурагт тусгах зэрэг асуудлыг боловсруулан, газар зүйн нэрийн Үндэсний зөвлөлөөр хэлэлцүүлэн, шийдвэрлүүлнэ.

11.2. Иргэн, хуулийн этгээдийг газар зүйн албан ёсны нэрийн тухай мэдээллээр хангах, газар зүйн нэрийг зөв бичих, хэрэглэх, хамгаалах асуудлыг сум, дүүргийн Засаг дарга, ИТХурал нь геодези, зураг зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагатай хамтран хэрэгжүүлнэ.

11.3. Газар зүйн нэрэнд дараахь обьектын нэр хамаарна:

11.3.1. эх газар, уул, нуруу, хээр, тал, говь, цөл, гол, мөрөн, нуур,булаг шанд гэх зэрэг физик газар зүйн объект;

11.3.2. улс, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн нэр, тэдгээрийн доторх хөдөө аж ахуй, үйлдвэр, тээвэр, холбоо,гудамж, талбай зэрэг бусад объект.

11.3.3. хүний үйл ажиллагаагаар бий болсон далан, усан сан, суваг, шуудуу;

11.4. газар зүйн уламжлалт нэрийг тодотгох, шинээр тогтоохдоо лавлагааны болон түүхийн эх сурвалжид үндэслэх бөгөөд аливаа эх сурвалж байхгүй бол нутгийн уугуул иргэд, мэргэжлийн хүмүүс, судлаачдын саналыг үндэслэн тогтооно.

11.5. Шинээр байгуулсан объектыг нэрлэхэд дараахь зарчим баримтална:

11.5.1. тухайн объектыг нээх, судлахад оролцсон хүний нэрээр нэрлэх.

11.5.2. газар, усны нэрээр нь зүг чиг, өнгө төрх, үзэмж агуулга, тогтоцын болон цаг хугацааны тодотголтой нэрлэж болох;

11.5.3. ойролцоо орших өөр төрлийн объектууд нь ижил нэртэй байж болох.

11.6. Газар зүйн нэрийг дараахь онцгой тохиолдолд өөрчилж болно:

11.6.1. адил төрлийн хэд хэдэн объектын ижил нэр нь зам, тээвэр, харилцаа холбоо, бусад байгууллагын ажилд хүндрэл учруулахаар байвал;

11.6.2. уугуул иргэд нь түүхэн эх сурвалжид үндэслэн нэрлэж заншсан уламжлалт нэрийг сэргээх хүсэлт тавьсан;

11.6.3. тухайн объектын мөн чанарт тохирохгүй, этгээд хэллэгээр эсвэл түүхэн ач холбогдолгүй гадаад нэрээр нэрлэсэн;

11.7. Шинээр нэрлэх, өөрчлөх газар зүйн нэр дараахь шаардлагыг хангасан байна:

11.7.1. хүрээлэн буй орчин, тодорхой шинж төрх, байгалийн онцгой, бусдаас давамгайлах үзэгдэл, түүх болон түүхэн үйл явдлыг дуурсгах байдал, соёл уламжлал, ахуй онцлогийг тусгасан байх;

11.7.2. монгол хэлний бичлэг, хэллэгт тохиромжтой гурваас илүүгүй үгээс бүтсэн байх.

11.8. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжид хамаарах газар зүйн нэрийг Засгийн газар нэгтгэн Улсын Их Хурлаар батлуулна.

12 дугаар зүйл. Геодези, зураг зүйн ажлын санхүүжилт

12.1. Улсын захиалгаар хийх геодези, зураг зүйн ажлыг улсын төсвөөс санхүүжүүлнэ.

12.2. Улсын төсвийн хөрөнгөөр хийх геодези, зураг зүйн ажлын нэр, төрөл, хэмжээг геодези, зураг зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага төлөвлөж, холбогдох зардлыг жил бүр улсын төсөвт тусгуулах арга хэмжээ авна.

12.3. Геодезийн байнгын цэг тэмдэгтийг арчлан хамгаалахтай холбогдсон зардлыг орон нутгийн төсвөөс санхүүжүүлнэ.

12.4. Иргэн, хуулийн этгээдийн захиалгаар хийх геодези, зураг зүйн ажлыг захиалагчийн хөрөнгөөр санхүүжүүлнэ.

12.5. Суурь зураг ашигласны төлбөрийн орлогыг үндэсний орон зайн мэдээллийн дэд бүтцийн зохицуулах хорооны үйл ажиллагаанд зориулах;

13 дүгээр зүйл. Геодези, зураг зүйн улсын хяналт

13.1.1. Геодези, зураг зүйн улсын хяналт нь иргэн, хуулийн этгээдийн геодези, зураг зүйн талаархи хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэр, эрх бүхий байгууллагаас баталсан заавар, норм ба дүрэм, журмын биелэлтийг хангуулна.

13.1.2. Геодези, зураг зүйн улсын хяналтыг мэргэжлийн хяналтын байгууллагатай хамтран геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагчид хэрэгжүүлнэ.

14 дугаар зүйл. Хориглох үйл ажиллагаа

14.1. Иргэн, хуулийн этгээд геодези, зураг зүйн үйлдвэрлэл, ажил, үйлчилгээтэй холбогдсон дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно:

14.1.1. нууцын зэрэглэлтэй байр зүйн зураг, тоон мэдээллийг геодези, зураг зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, тагнуулын төв байгууллагын тусгай зөвшөөрөлгүйгээр хэвлэх, хуулбарлах, олшруулах;

14.1.2. геодезийн байнгын цэг, тэмдэгтийг устгах, гэмтээх, хөдөлгөх, хэмжилт хийх нөхцлийг алдагдуулах;

14.1.3. албан ёсны баримт бичиг, арга хэмжээнд газар зүйн албан ёсны нэрийг өөрчлөн хэрэглэх, гадаад хэлэнд орчуулах;

14.1.4. холбогдох хууль тогтоомжид заасан журмыг зөрчин иргэн, хуулийн этгээдийн хийсэн зураг зүйн бүтээлийг хуулбарлах, олшруулах, хэвлэх, эх ашиглах

14.1.5. геодезийн хэмжлийн баталгаажуулаагүй багаж ашиглах;

14.1.6. геодези, зураг зүйн үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлгүй болон тусгай зөвшөөрөлд заагдсанаас өөр үйл ажиллагаа эрхлэх:

15 дугаар зүйл. Хохирлыг нөхөн төлөх

15.1. Геодезийн хэмжилт хийх, цэг, тэмдэгтийг байгуулах явцад газар, барилга байгууламж, бусад объектод учруулсан хохирлыг тухайн үйл ажиллагаа явуулсан хуулийн этгээд холбогдох хууль тогтоомжийн дагуу нөхөн төлнө.

15.2. Гүйцэтгэсэн ажлын нарийвчлал, стандартын шаардлага хангаагүйгээс учирсан шууд хохирлын нөхөн төлбөрийг тухайн ажлын гүйцэтгэгч иргэн, хуулийн этгээд хариуцна.

15.3. Геодезийн цэг тэмдэгтийг устгасан, хэмжилт хийх нөхцлийг алдагдуулсан бол буруутай этгээд өөрийн хөрөнгөөр нөхөн сэргээнэ;

16 дугаар зүйл. Хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага

16.1. Геодези, зураг зүйн тухай хууль тогтоомжийг зөрчсөн этгээдэд зөрчлийн шинж байдлыг харгалзан дараахь захиргааны хариуцлага хүлээлгэнэ:

16.1.1. хэмжилтийг солбицол, өндрийн улсын батлагдсан тогтолцоонд хийгээгүй иргэнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр , албан тушаалтныг хоёр дахин, хуулийн этгээдийг арав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх төгрөгөөр торгох;

16.1.2. энэ хуулийн 10.2-т заасныг зөрчиж шинээр байгуулсан геодезийн байнгын цэг, тэмдэгтийг зохих газарт хүлээлгэн өгөөгүй иргэнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр, албан тушаалтныг хоёр дахин, хуулийн этгээдийг арав дахин нэмэгдүүлсэнтэйгээр тэнцэх төгрөгөөр торгох;

16.1.3. энэ хуулийн 10.3-т заасныг зөрчиж зохих зөвшөөрөлгүйгээр геодезийн байнгын цэг, тэмдэгтийг хөдөлгөсөн, нүүлгэн шилжүүлсэн иргэнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр, албан тушаалтныг хоёр дахин, хуулийн этгээдийг арав дахин нэмэгдүүлсэнтэйгээр тэнцэх төгрөгөөр торгох;

16.1.4. геодези, зураг зүйн улсын байцаагчаас тавьсан шаардлага, хугацаатай үүргийг биелүүлээгүй, хяналт шалгалт явуулахад нь санаатайгаар саад учруулсан, шаардлагатай мэдээ баримтыг дутуу эсвэл буруу гаргаж өгсөн иргэнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр, албан тушаалтныг хоёр дахин, хуулийн этгээдийг арав дахин нэмэгдүүлсэнтэйгээр тэнцэх төгрөгөөр торгох;

16.1.5. энэ хуулийн 9.2 -т заасныг зөрчсөн иргэнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр, албан тушаалтныг хоёр дахин, хуулийн этгээдийг арав дахин нэмэгдүүлсэнтэйгээр тэнцэх төгрөгөөр торгох;

16.2. Энэ хуулийн 14.1.1-д заасныг зөрчсөн этгээдэд Эрүүгийн хууль болон Төрийн нууцын тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэхээргүй бол иргэнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр, албан тушаалтныг хоёр дахин, хуулийн этгээдийг арав дахин нэмэгдүүлсэнтэйгээр тэнцэх төгрөгөөр торгох.

16.3. Энэ хуулийн 14.1.4.-т заасныг зөрчсөн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр, албан тушаалтныг хоёр дахин, хуулийн этгээдийг арав дахин нэмэгдүүлсэнтэйгээр тэнцэх төгрөгөөр торгох, олсон орлогыг хурааж, улсын орлого болгоно.

16.4. Энэ хуулийн 6.1.5, 6.1.7-т заасныг зөрчсөн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр, албан тушаалтныг гурав дахин, хуулийн этгээдийг арав дахин нэмэгдүүлсэнтэйгээр тэнцэх төгрөгөөр торгох, олсон орлогыг хурааж, улсын орлого болгоно.

16.5. Энэ хуулийн 6.1.9.-т заасныг зөрчсөн бол төлөх ёстой төлбөрийг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх төгрөгөөр торгох,

16.6. Энэ хуулийн 6.1.4, 6.1.5, 9.2, 10.4.1, 14.1.2, 14.1.5-т заасныг зөрчсөн этгээдэд Захиргааны хариуцлагын тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

16.7. Энэ хуулийн 14.1.3-т заасныг зөрчсөн этгээдэд Газрын тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

17 дугаар зүйл. Хууль хүчин төгөлдөр болох

Энэ хуулийг 2010 оны … дүгээр сарын …-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

ГАРЫН ҮСЭГ

1 comment:

  1. Энэ хуулийн 9.2 дахь заалтыг манай аж ахуйн нэгжүүд баримталж ажиллах тал дээр хангалтгүй байдаг. Хууль суртачлах олон нийтэд дэлгэрүүлэх үүднээс хувийн блогоор ч гэсэн цацъя гэж бодлоо.

    ReplyDelete

Энд сэтгэгдлээ үлдээнэ үү...